Төрөл: Counter-Strike:Global Offensive                                                                               Тоглож буй баг: The Mongolz                                                                                           Тоглодог байрлал: Entry Fragger                                                                                     Mouse: Kinzu V3                                                                                                                 Mousepad: Zowie GS-R                                                                                                       Mouse bungee: Zowie Camade                                                                                           Headset: Samsung Earpod, Zowie Vital soundcard                                                               CFG: Татах

Өөрийгөө танилцуулаач
Сайн сайн байна уу? Намайг Батбаярын Бат-Энх гэдэг. The Mongolz багийн kabie буюу kabal байна.

Хэдэн настай вэ?
21-тэй энэ жил 22 хүрнэ дээ.

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
CS:GO гарахаас өмнө CS 1.6 төрлөөр бол 2003, 2004 он хавьцаа тоглож эхэлсэн. CS:GO бол 2 жил гаран тоглож байна. Тоглох болсон шалтгаан гэвэл өмнө нь 1.6 тоглодог байхад гадаад руу тэмцээн уралдаанд орж амжилт үзүүлэхийг их хүсдэг байсан даанч Монголын нөхцөлд гадаад руу тэмцээнд явна гэдэг их хэцүү байсан л даа. CS:GO гарч байх үед хэсэг хугацаанд хичээл сургууль гээд тоглохоо больчихсон байсан л даа. Тэгээд Machinegun, Zilkenberg хоёр маань Энэтхэг яваад CS:GO төрлөөр амжилттай яваа гэж сонсогдоод би ч гэсэн оролдоод үзэх ёстой юм шиг санагдаад өөртөө зорилго тавиад тоглож эхэлсэн дээ.

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Нэрний тухайд гэвэл 1.6 тоглож байхад *aAa* (тухайн үеийн Францын шилдэг баг) багийн kabal гэж хүнийг хараад нэрийг нь бичиж тоглодог болчихсон байсан. Тэгээд хүмүүс ч намайг kabal, kabal гэж дуудсаар байгаад бүүр дасаад тэгээд л ийм нэртэй болсон доо. Ер нь бол фен нэр 😀

Хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
Хувийн бэлтгэлийг Bot буудаж, Deathmatch тоглож рефлексээ сайжруулж, POV Demo үздэг. Тэгэхдээ Entry Fragger-ын хувьд буудалт бол их чухал байдаг болохоор илүү их буудалтандаа анхаарч илүү их цагийг зарцуулдаг. Мөн өөрийнхөө авдаг байр, үүрэг роль дээр хүмүүсийн хэрхэн тоглож байгааг үзэж суралцдаг. Бас мэдээж өөрийнхөө ч тоглолтыг үзээд гаргасан алдаануудаа хараад алдаан дээрээ анализ хийдэг.

Манай сайт Entry Fragger үүргийн тухай зөвлөгөө буландаа оруулж байсан л даа. Шилдэг багт тоглож буй Entry Fragger-ын хувьд зөвлөгөө өгөөч? 
Миний хувьд нэгдүгээрт өөртөө итгэх итгэл маш чухал байдаг. Өөртөө жоохон л эргэлзэх юм бол бүтэлгүйтлээ л гэсэн үг. Ер нь өөртөө итгэх итгэл муутай хүмүүс энэ үүрэг роль дээр тоглоно гэдэг хэцүү дээ. Хоёрдугаарт Reflex, Reaction, Aim гурав дээрээ анхаарч олон цагаар Bot буудах хэрэгтэй. Жишээ нь өдөрт 1000-2000 bot буудах ч юм уу. Тэгж байж хүнийг хурдан алж сурна. Гуравдугаарт мэдээллээ маш хурдан өгч сурах хэрэгтэй. Бас мэдээж хөдөлгөөн нэмэгдэж орж ирнэ. Жишээ нь гар бууны round, Smg-тэй round-ууд дээр яаж хөдөлвөл нөгөө хүнээ саатуулж багийнхандаа тэр хүнийг алах боломж гаргаж өгөх үү? гэдэг ч юм уу…

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?
Маш олон цагаар компьютерийн ард сууж байгаа болохоор ядрах тохиолдол их гарна. Тийм болохоор маш их тэсвэр тэвчээр шаарддаг бас Азийн багуудтай тоглож бэлтгэл хийх үед, онлайн тэмцээнд оролцож байх үед Монголын интернет Ping-ний асуудал маш их хүндрэл учруулдаг. Гэр бүлийнхэн бол эхэндээ нээх дэмждэггүй байсан л даа. Сүүлд Mongolz багтаа ороод амжилт үзүүлээд ийшээ тийшээ тэмцээн уралдаанд явдаг болоод эхлэхэд минь маш их дэмждэг болсон. Ялангуяа том ах маань маш их дэмждэг болсон. Бүх тоглолтыг минь үзэж, тоглолт эхлэхээс өмнө маш их сэтгэл зүйн дэмжлэг өгч, хожигдох үед “Зүгээрээ хүн хожигдож, ялагдаж л байдаг юм. Харин шантарч болохгүй шүү” гэж хэлдэг нь миний хувьд маш том дэмжлэг болдог доо.

Электрон спортын давуу чиний бодлоор юу вэ?
Электрон спорт гэвэл дотроо маш олон төрөл байгаа л даа. Тэрнээсээ болж давуу талууд нь өөрчлөгддөг байх гэж бодож байна. Жишээ нь багаараа өрсөлддөг төрлөөс бол хэрхэн багаар ажиллахыг сурж, хүмүүстэй маш хурдан ойлголцдог болж, ямарваа нэг асуудал дээр хурдан шийдвэр гаргаж сурдаг гэх мэт…

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?
Ер нь бол дажгүй байгаа гэж боддог. Анх Mongolz-д ороогүй байхад IEM Taipei Minor Championship-д The Mongolz баг маань аварга аваад ирснээс хойш маш их дээшилсэн гэж боддог. Цаашдаа хөгжихөд чухал зүйл гэвэл Монголд маань уг нь зорилго тавиад баг болоод амжилт үзүүлье гээд явж байгаа хүмүүс зөндөө байгаа л даа. Даанч тэгээд тэмцээн уралдаан цөөхөн болдог болохоор аягүй удаанаар хөгжөөд байгаа юм шиг санагдаад байдаг юм. Тийм болохоор Монголын Электрон спортын холбооноос ч юм уу том том Монголын компаниудтай холбогдож хамтарч ажиллаад ойр ойрхон тэмцээн зохиогоод байвал илүү хурдан хөгжих юм шиг санагддаг даа.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?
Гадаадаас гэвэл GeT_RighT л юм даа. Дотоодоос гэвэл wRc.flyNN (одоо тоглохоо больсон) тэр хүнээс сурсан зүйл маш их. Бас тэгээд багийнхнаа их хүндэлдэг. Тэд нараасаа суралцаж, үлгэр дууриалал авдаг даа.

Хоёр дахь удаагаа The Mongolz багт ороход сэтгэгдэл ямар байсан бэ? 
Анх Mongolz-д ороход буруу үүрэг роль дээрээ оччихсон байсан л даа. Тэгээд тоглоход жоохон хүндрэлтэй байсан. Дээрээс нь суралцах ёстой маш олон зүйл байгааг ухаарсан. Хоёр дахь удаагаа яг үнэндээ буцаад авъя гэхэд нь баярласан шүү хэхэ. Тэгээд яг өөрийнхөө үндсэн үүрэг роль болох Entry Fragger дээрээ тоглоно гээд бодсон чинь үнэхээр гоё санагдсан. Бас Mongolz-с гарчихсан байсан тэр хугацаанд маш их зүйлийг ухаарч эргэцүүлэн бодож ойлгосон доо.

Counter-Strike 1.6 дээр аваргын тоглолт тайзан дээр болно гээд мурьчихдаг тэмцээнд wRc багт байхдаа аваргын төлөө үлдэж байсан тэр үед хэдэн настай байсан бэ?
DAWN 2011 гэдэг тэмцээн байсан. Тэр үед 16 настай байсан юм байна.

Жижиг kabal, том kabal гээд л хүмүүс их ярьдаг байсан л даа. Том kabal-тайгаа нэрэндээ тоглож байсан гэж сонсож байсан үнэн үү? Үнэн бол хэн нь хожиж байсан юм бэ?
Яг нэрэндээ 1vs1 тоглож байгаагүй л дээ. Гэхдээ 5vs5 LAN-гаар их өрсөлддөг байсан. Тэр үед манай багийнхан за та хоёр одоо энэ тоглолтон дээр хэн нь илүү вэ гэдгээ харуулчих. Тэгээд илүү байж чадсан нь kabal-аараа тогло нтр гэж яриад л… Би за тэгье гээд л… Би үнэхээр илүү байж чадсан манайх хожсон. Даанч тэр хүн хожигдчихоод нэрээ солиогүй л юм даа 😀

kabie wrc

Ер нь Монгол Match серверт болон тэмцээн нтр дээр нүдэнд чинь өртсөн, ирээдүйтэй харагдаж байгаа залуу тоглогч байна уу?
temuka гээд 15 настай маш ирээдүйтэй харагддаг залуу тоглогч бий. Миний 15, 16-тай байсан үеийг их санагдуулдаг юм. Бас тоглолтын хэв маяг хүртэл минийхтэй их төстэй тэгээд ч хүмүүс kabal-ын жижигхэн хувилбар гэж яриад байна лээ 😛 Аан тийн бас Rektus Gaming баг их ирээдүйтэй харагдаж байгаа.

CS:GO-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?
Биллиард их тоглох дуртай бас ч гэж гайгүй тоглочихно. Солонгост байхдаа League of Legends тоглох их дуртай байсан. LOL-ын талаар мэддэг хүмүүс байвал Солонгосын Gold 3 rank-тай байсан гэвэл хэр тоглодог байсныг минь мэдэх байхаа 😛 Бас 10 жилд байхдаа Монголын Хүүхдийн Ордоны бүжгийн дугуйланг төгссөн. Бүжиглэх дуртай хааяа Монгол бүжгийнхээ хувцасыг өмсөөд дахиад сайхан тайзан дээр бүжиглэмээр санагддаг. Даанч одоо хэцүү байх 🙂

ROG Masters Asia тэмцээнд түрүүлсэн нь CS:GO төрлийн анхны аварга чинь байсан байхаа? Анхны аваргын сэтгэгдэл ямар байсан бэ? Тэрнээс өмнө Монголд CS:GO-р аварга авч байгаагүй санагдаж байна. Монголд байгаагүй биз дээ?
Аанхаа Монголд CS:GO-ын тэмцээн болж байхад гадаадад хичээл ном, сургууль гээд явж байлаа. CS:GO тоглож эхэлснээс хойш анхны аварга минь байсан. Сэтгэгдэл үнэхээр сайхан байсан. Аварга болох ямар байдагийг мэдрээгүй их удсан байсан болоод тэр байх.

Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
Одоохондоо ямар ч тэмцээний сураг байхгүй л байна.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна? Ер нь хэдэн нас хүртлээ тоглоно гэж бодож байна вэ?
2017 онд бол хамгийн чухал төлөвлөгөө бол Minor-т түрүүлж Major-т орох эрхээ авах л байна даа. Тоглох нас гэвэл хэр амжилт үзүүлээд, хэр урагштай байгаагаас л шалтгаална даа.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Эхлээд өөртөө зорилго тавь. Хамгийн гол нь зорилгодоо үнэнч бай. Юу ч болж байсан шантарч болохгүй. Маш их бэлтгэл, тэсвэр тэвчээр шаардана. Амжилтанд хүрье л гэж бодож байгаа бол бүх сэтгэл зүрхээ зориулаарай л гэж хэлье даа.  

Урилга хүлээн авч уулзаж ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
За намайг урьсанд ч бас баярлалаа. Танай хамт олонд цаашдых нь ажилд нь амжилт хүсье! Өшөө ихийг хийж бүтээнэ гэж найдаж байгаа шүү.

1 COMMENT

LEAVE A REPLY