Төрөл: Counter-Strike:Global Offensive                                                                               Тоглож буй баг: AZ Gaming                                                                                          Тоглодог байрлал: AWPer, In Game Leader                                                                      Mouse: BenQ ZOWIE EC1-A                                                                                                 Mousepad: Steelseries Qck Heavy                                                                       Keyboard: Feenix Autore                                                                                                 Headset: Razer Hammerhead Pro V2                                                                                     CFG: Татах

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач
Сайн сайн байна уу? Намайг Гантулга гэдэг. Тоглодог нэр Member.

Хэдэн настай вэ?
24

Хэзээ тоглож эхэлсэн бэ? Яагаад CS:GO төрлөөр тоглох болов?
Анх 2003 он хавьцаа л тоглож сурсан байх. Яг эрчимтэй сонирхож тоглосон гэвэл 2010 он хавьцаа байх. Тэрнээс өмнө LAN гэж мэддэггүй байсан. CS:GO-г анх гарсан цагаас нь эхэлж тоглосон. Мэргэжлийн тоглогчид GO-руу орж байсан болохоор Монголд ч гэсэн хөгжинө гэж бодож байсан. 

Тоглодог нэр, nickname-н тухайд?
Анх gna, somester гэж тоглодог байсан. Нэг өдөр толь бичиг харж байгаад л Member гэвэл гоё харагдах юм шиг санагдаад л ийм нэртэй тоглож эхэлсэн дээ.

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?
Багийн бэлтгэл тэмцээний сураг гарахаар л хийдэг дээ. Багийн бэлтгэлийн хувьд CT талаа ихэвчлэн анхаарч бэлддэг. Хамт нэг талаа хамгаалж байгаа хүмүүстэйгээ ямар байрлалаас яаж хамгаалах уу? хаашаа Flash шидэж бие биендээ туслах уу? гэх мэтчилэн их ярилцдаг. TR талын хувьд Trade kill-г их чухалчилдаг. Бүгд Smoke хийгээд л орох ер нь сул талтай гэж боддог учраас тэрнээс илүү гэндүүлж орох болон fake хийхийг илүүд үздэг. Хувийн бэлтгэлийн хувьд BOT болон Deathmatch буудаж буудалтаа бэлддэг. Kreedz, Retake серверт тоглох дуртай. Мөн өөрийн байрлалд тоглодог тоглогчдыг их үздэг.  

Өөрөө их дайрч тоглодог AWPer шүү дээ. Ер нь AWPer үүргийн тухай зөвлөгөө өгөөч. Юуг анхаарах хэрэгтэй вэ? Өөрийн чинь бодлоор отдог AWPer, дайрч pick-лдэг AWPer хоёрын аль нь дээр санагддаг вэ?
Миний бодлоор AWPer үүрэг бол түрүүлж хүн алж хүний зөрүүг гаргах ёстой гэж боддог учраас отдог AWPer-уудыг тийм ч их үнэлдэггүй. Мэдээж хүн хүний хувийн арга барил гэж байгаа байх. Минийх бол эсрэг талынхаа хийх үйлдлийг урьдчилан таамаглаж түрүүлж алахыг боддог гэх юм уу даа. AWPer-ууд рефлексээ сайн хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог. 

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?
Хүндрэлтэй тал гэвэл Монголд электрон спортыг ойлгож дэмжих байгууллага байдаггүй. Дэмждэг хэдхэн хувь хүн болон байгууллага нь маш цөөхөн тэмцээн зохиодог. Тийм болохоор хөгжил нь арай удаан яваад байх шиг санагддаг. Гэр бүлийн хувьд эсэргүүцэл их байдаг. Монголд угаасаа электрон спортын талаарх ойлголт маш бага. Олон нийтийн сүлжээгээр гарч байгаа мэдээллүүд нь дандаа л буруутгасан мэдээлэл байдаг учраас гэр бүлийнхэн ойлгохыг хүсдэггүй. 

Электрон спортын давуу чиний бодлоор юу вэ?
Багаар ажиллах чадвар сайжирна, хамт олонтой болно, юмыг олон талаас нь сэтгэж эрсдэлийг тооцоолдог болно гэх мэтчилэн зөндөө давуу тал байгаа.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?
Хөгжлийн хувьд нэлээн доогуур байгаа. Цаашдаа дотоодын тэмцээн уралдаанаа ихэсгэж дотооддоо өрсөлдөөн улам чангарч байж л цаашдаа Ази болон дэлхийд амжилт гаргах байх. Мөн зохион байгуулагч, дасгалжуулагч, тайлбарлагч, аналист гээд цогцоороо хөгжвөл мэдээж үр нөлөөтэй. Танай сайт ч гэсэн хувь нэмэр оруулж байгаад маш их баяртай байгаа.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?                                                                                                                                 Гаднаас гэвэл KennyS-ийг их үзэж үлгэр жишээ авдаг. Хүндэлдэг гэвэл TaZ, NEO, GeT_RighT, f0rest гээд анх тоглож сурахад л байж байсан хүмүүсийг хүндэлдэг. Дотоодоос гэвэл The Mongolz багийн дасгалжуулагч maaRaa-г хүндэлж явдаг. Хамт нэг багт тоглож байсан болохоор ч тэр юм уу. Их юм сурсан даа тэр хүнээс.

mem3
Born in Mongolia (Зүүн гар талаас Member, maaRaa, Pol4ris, ncl, +1 dobu)

Өөрөө AWPer-аас гадна багтаа In Game Leader-ийн үүрэгтэй шүү дээ. IGL байхын хүндрэлтэй тал юу байдаг вэ? Тэмцээнд хожигдож байхдаа хувийн зүгээс багаа хэрхэн Tilt-нээс гаргаж сэргээдэг вэ?
Би ер нь үндсэн IGL биш л дээ. AZ Gaming багт маань IGL хийчих хүн байхгүй байгаа учраас хоорондоо ярилцаад би түр хийж байгаа. Ер нь IGL хийх их хүндрэлтэй байдаг. Жишээ нь яг өөрийн тоглолтондоо 100% анхаарлаа хандуулж чаддаггүй. Өөрийн тоглолтондоо хэт анхаарахааар багаа удирдаж чадахаа байчихдаг. Тийм болохоор өөрийгөө их бэлдэх шаардлага гардаг. Тэмцээнд хожигдож байхдаа аль болох багийнхантайгаа ярилцаж хэцүү байдлаас гарахыг хичээдэг. Багийн тоглоом учраас хоорондоо маш сайн ярилцаж, ойлголцож байж л асуудлуудыг шийднэ чадна.

Монгол багууд их тогтворгүй, үргэлж багийн бүрэлдэхүүнүүд нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Багт асуудал гарах болгонд хүнээ солих нь зөв үү? Эсвэл нэг бүрэлдэхүүнээрээ удаан тогтвортой байх нь зөв үү? Энэ талаар юу гэж бодож байна?  
Миний бодлоор гишүүн солих бол ямар ч багт байдаг л зүйл. Гол нь багийн таван гишүүн бие биенийгээ сонсож, сайн ойлголцдог байвал сайн баг бүрдэнэ гэж боддог. Гэхдээ Монголд гишүүн солих асуудал маш их байдаг. Энэ нь багт сөргөөр нөлөөлөх магадлал өндөр. Зөвхөн чадварыг харгалзан баг босгодог нь их буруу санагддаг. Хувийн зан араншин, тоглолтын арга барил, чадвар зэргийг бүхэлд нь харгалзан үзэх хэрэгтэй. Багийн уур амьсгал гэдэг зүйл сайн байж байж тэр баг цаашид тогтвортой, амжилт үзүүлэх магадлалтай. Манай багийн хувьд ч гэсэн бүрэлдэхүүндээ хэд хэдэн удаа өөрчлөлт хийсэн. Ер нь багийн уур амьсгал гоё болж, нэгдмэл атгасан гар шиг болтлоо багууд бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсаар байх байхаа.

Ер нь Монгол Match серверт болон тэмцээнүүд дээр нүдэнд чинь өртсөн, ирээдүйтэй харагдаж байгаа залуу тоглогч байна уу?                                    Зөндөө олон залуу тоглогчид байна. Тэр дундаас онцолж хэлвэл одоогийн STF багийнхан, h4wk, sKINEE гээд л ер нь олон тоглогч бий. 

CS:GO-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?
Хичээллэх гэхээсээ илүү үзэх дуртай. NBA, Dota 2, Poker үзэх их дуртай.

Анхны аваргаа хэзээ авч байв? Хамгийн сэтгэлд үлдсэн аварга ямар тэмцээн байсан бэ?
Анхны аварга гэхээр сайн санахгүй байна. Хамгийн сэтгэлд үлдсэн аварга гэвэл DEW Championship 2013 тэмцээнд аварга авч байсан үе. Сэтгэл их хөдөлж билээ.

mem2
Team EPLS (Зүүн гар талаас Mos, Dreamy, erkaSt, dobu, Member)

Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?                                           EL tournament 2017 оны анхны тэмцээн нь зарлагдсан байгаа. Тэр тэмцээнд л орох гэж байна даа.

Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна? Ер нь хэдэн нас хүртлээ тоглоно гэж бодож байна вэ?
Би 3 сард гадагшаа сурахаар явж магадгүй байгаа учраас төлөвлөсөн юм алга л байна даа. Очиж байж л шийдэх байх.

Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
Тууштай байж, зорьсондоо хүрээрэй л гэж хэлье дээ. 

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
Баярлалаа танай хамт олонд цаашдых нь ажилд нь амжилт хүсье! 

1 COMMENT

LEAVE A REPLY