Төрөл: DOTA2                                                                                                                         Тоглож буй баг: Level                                                                                                       Тоглодог байрлал: Offlane, Carry                                                                                     MMR: 6100  

tt2

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач? 

Тайвнаа: Намайг Эрдэнэтбатын Тайванбат гэдэг. 22 настай. Одоогоор оюутан.

Анх Counter-Strike 1.6 тоглодог байсан шүү дээ. Хэзээнээс DOTA2 тоглож эхэлсэн бэ? Яагаад DOTA2 төрлөөр тоглох болов?

Тайвнаа: Counter-Strike бага ангиасаа л тоглосон. Ер нь бол 9-11-р анги хүртлээ PC хэсэж ландаж явдаг байсан. Хүмүүсийн хэлдэгээр жимс түүдэг 😛 DOTA тоглоод 3 жил орчим болж байгаа байх. Ер нь тэгээд орчин тойрноосоо их хамаарсан байх. Найзууд бүгд DOTA тоглож эхэлсэн болохоор ганцаараа CS тоглоод байх боломж байгаагүй учраас DOTA тоглох болсон.

Тоглодог нэр, nickname-н тухайд?

Тайвнаа: Нэрний хувьд тэмцээнд орохдоо Taivnaa л гэж тоглодог. Бусад үед тогтмол нэрээ сольж байдаг. 

Багийн болон хувийн бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

Тайвнаа: Хувийн бэлтгэлийг бол Solo Ranked тоглоно, мөн өөрийнхөө үүрэг дээр тоглодог тоглогчдыг үзэхээс гадна багийнхаа Support-уудтай адилхан төстэй тоглодог тоглогчдын багийн тоглолтыг илүү ихээр үздэг. Solo Ranked тоглоод тодорхой хэмжээний зүйлс л сурдаг. Тэмцээн болон Scrim дээр өөрсдөөсөө чансаа өндөр багуудтай тоглоход тэдний гаргаж байгаа шийдвэр болон хийж байгаа үйлдлүүдийг нь ганцаараа их бодож суудаг. Энэ хүн яагаад ийм шийдвэр гаргав? Яагаад надаас илүү байна? Мөн болж байгаа LAN тэмцээнүүдийг үеэр бусад багийнхан юу хийж байна, яаж хожиж байна? гэх мэтчилэн зүйлсийг ажиглаж суудаг. Тэгээд сөрөг төлөвлөгөө боловсруулаад багийнхандаа учрыг нь тайлбарлаж танилцуулаад, багийнхнаас гарсан санаануудыг нийлүүлээд хэрхэн хожих төлөвлөгөөгөө гаргадаг. Хэрвээ болохгүй юм байвал дахиад л шинээр эхэлдэг. Ер нь миний хувьд багийн бэлтгэл, хувийн бэлтгэл хамт явдаг юм шиг санагддаг.

Жоохон өнгөрсөн зүйлсийг яръя л даа. Өөрийг чинь Team Taivnaa гэхэд л андахгүй байх. Би ч гэсэн Team Taivnaa гэх үеэс л Монголын DOTA-г анх сонирхож эхэлсэн. Тэр багийг өөрөө бүрдүүлсэн үү?

Тайвнаа: Багийг бол би өөрөө бүрдүүлсэн гэхдээ нэрийг бол өөрөө өгөөгүй ээ.

Хамгийн сонирхолтой нь Team Taivnaa гэх нэр шүү дээ. Нэрний тухай яриач?

Тайвнаа: Хамгийн анх яг багаа бүрдүүлчихээд Mongolian Dota League гээд тэмцээнд орох гэсэн боловч бүртгэл нь дуусчихсан оруулахгүй гэсэн юм. Тэгээд тэр тэмцээнийг зохион байгуулахад нь туслаж байсан найзаасаа манай багийг бүртгүүлээд өгөөч гэж гуйж байсан юм. Тэгээд өөрөө мэдээд нэр өгчихөөрэй гээд хэлсэн чинь Team Taivnaa гэдэг нэрээр бүртгүүлсэн байсан.

Team Taivnaa баг ямар ямар тэмцээнүүдэд амжилт үзүүлж байв?

Тайвнаа: Тухайн үед Монголд болж байсан бүх жижиг тэмцээнүүдэд түрүүлж байсан. Нэрлэхүйц үзүүлсэн амжилтууд тоотой хэд байдаг юм байна. 2015 онд улсын аварга, 2016 ICT Expo тэмцээнд 2-р байр, HUNNU 2016 тэмцээнд 1-р байр, Малайзд болсон ROG MASTER 2016 тэмцээнд оролцож байсан, Major тэмцээний сонгон шалгаруулалтанд тогтмол шөвгийн 16-д үлддэг байсан. Багийн бүрэлдэхүүн бол тэмцээнүүдээр их солигдсон. 

tt1
Taivnaa, Cadis, BULL, AreS, bekv

AreS-тай хэр удаан хамт тоглож байгаа вэ?

Тайвнаа: 2012 оноос хойш хамт тоглож байгаа.

Team Taivnaa баг юунаас болж тарсан юм бэ?

Тайвнаа: Хоорондоо ойлголцоогүйд л учир байсан байх. Гэхдээ өмнө тийм үеүд их л байсан. Тэр болгонд эргэн ирэх арга олддог байсан. Энэ удаад илүү сайжирч эргэн ирэх байх эсвэл бүүр тоглохоо болих байх.

Team Taivnaa эргэн ирэх гэж байгаа юм уу?

Тайвнаа: Тийм мөч ирж магадгүй ээ гэхдээ маш бага хувьтай л… 

Pick-лэх, тоглох дуртай баатар юу вэ?

Тайвнаа: Pudge, Storm хоёроор тоглох дуртай гэхдээ жоохон муу тоглодог.

Энэ спортоор хичээллэхэд хүндрэлтэй тал юу байна? Гэр бүлийнхэн дэмждэг үү?

Тайвнаа: Хүндрэлтэй талууд их байсан. Анх гэр бүлийнхэн ээж, аав, хамаатан садан гээд л бүгдээрээ эсэргүүцдэг байсан. Одоо бол арай өөрөөр хүлээж авдаг. Дэмждэг гэхээсээ илүү ойлгодог болсон.

Электрон спортын давуу талыг юу гэж боддог вэ?

Тайвнаа: Электрон спорт оюуны спорттой ер нь адилхан юм шиг санагддаг. Чи хэр сайн толгойгоо ажиллуулна тэр хэмжээгээрээ л хожно. Тийм болохоор бусадтай өрсөлдөх, давж сэтгэх талыг илүү хөгжүүлдэг юм болов уу. Чамайг ямагт шинийг сэтгэх, бусдын бодсоноос хоёр алхам урд байхыг шаарддаг болохоор чамайг тодорхой хэмжээнд хөгжүүлнэ. Ингэж хэллээ гээд хүмүүс их буруугаар ойлгодог л доо. Ялангуяа зүгээр л хүүхэд нь зугаацах гэж тоглож байхад ухаан нь хөгжиж байгаа нь хаана байна? гээд л… Энэ хоёр бол хоёулаа өөр ойлголт гэдгийг л нийгэмд ойлгуулвал их зөв юм шиг санагддаг даа.

Монголд электрон спортын хөгжил ямархуу түвшинд байгаа гэж бодож байна вэ? Цаашдаа хөгжихөд юу чухал гэж бодож байна?

Тайвнаа: Монголын хөгжил маш их хоцорч байгаа юм байна лээ. Гэхдээ гүйцэх боломж байгаа гэж боддог. Жишээлбэл хоёрхон жилийн өмнө CS:GO гэдэг тоглоомоор Монголчууд дэлхийд танигдах нь маш хол юм шиг санагдаж, DOTA2 төрөл CS:GO-ийг бодвол илүү ойрхон байгаа юм шиг санагддаг байсан. Гэтэл одоо юу болоод өнгөрсөнийг бүгд л мэдэж байгаа байх. Ер нь бол нийгмийг зөв ойлголттой болгох хэрэгтэй. Хүмүүс, спонсоруул, тоглогчид өөрсдөө их зөв сэтгэлгээтэй байх хэрэгтэй л дээ. Монгол тоглогчдыг анзаараад байхад бүгд л би би гэсэн логикоор тоглодог. Би л аймар тоглочихвол хожно гэсэн бодолтой. Үнэндээ энэ бол багийн спорт учраас яг өөрийнхөө үүргийг ойлгоод бусадтайгаа ойлголцоод тоглох хэрэгтэй л дээ. Яавал энэ баг хожих уу? гэсэн бодолтой тоглохгүй яавал би аймар тоглох уу? гэсэн бодолтой тоглодог хүмүүс их болсон. Энэ сэтгэхүйг өөрчлөхгүй бол ер нь амжилт үзүүлэх их хэцүү. Би биш бид байх ёстой. Чи биш баг чинь хожлоо гэж гарч ирдэг зүйл шүү дээ. Ер нь бол тоглогч бүр дор бүрнээсээ л өөрчлөлтийг эхэлбэл болох байхаа. Тэгээд бас аз гэдэг зүйл чухал юм шиг санагддаг…

UB Major-ын сонгон шалгаруулалтанд танай баг Ариукатай орсон шүү дээ. Ариука Mongolz-ын үндсэн бүрэлдэхүүнд орсноор нэг хүнгүй болсон. Нэг хүнээ олсон уу?

Тайвнаа: Ариука Standin хийж байсан юм. Нэг хүнээ шийдээгүй л байна.

Гаднаас болон дотоодоос хүндэлж явдаг, үлгэр жишээ авдаг тамирчин чинь хэн бэ?

Тайвнаа: Хүндэлдэг гэхээсээ илүү үлгэр жишээ авдаг. Гаднаас гэвэл Carry байрлалаас MATUMBAMAN, Offlane байрлалаас forev, venn, khezu, kpii нарыг их үздэг. Энэ хэдийн тоглолт их таалагддаг. Дотоодоос Ariuka, BULL хоёр их үлгэр жишээ тоглодог. Хамт тоглоход их юм сурна даа.

Өөрийнхөө тоглож буй байрлал дээр хэрхэн тоглох талаар зөвлөгөө өгөөч?

Тайвнаа: Ер нь бол би яг байрлалаа шийдээгүй байгаа. Багтаа авах 5 дахь гишүүнээс л шалтгаалах байх. Offlane байрлалын хувьд Map-ыг мэдрэх их чухал л даа. Бас эсрэг талын Carry-гийн сэтгэл зүйгээр нь тоглох их чухал. Яг юу хийх гээд байгаагаа мэдэгдүүлж болохгүй. Lane-дээ үлдэх гээд байгаа юм уу? Roam хийх гээд байна уу? Зүгээр л exp аваад байна уу? гэдгээ огт мэдэгдүүлж болохгүй. Эсрэг талын хоёр Support-ых нь хөдөлгөөнийг bluf-дах хэрэгтэй. Тоглоомын дунд хэсэгт Offlane дээр их хариуцлага ирдэг. Тоглолтыг өөрчлөх бүх Gank Offlane-ээс хамаардаг үе эхэлдэг. Ихэнхдээ л nyx, slardar, batrider гэх мэт баатрууд байдаг учраас тоглолтыг өөрчлөх хөдөлгөөнүүдийг хийж эхэлдэг. Ер нь л эсрэг талынхаа хөдөлгөөнийг сайн уншдаг байх хэрэгтэй.

Монгол багууд их тогтворгүй, үргэлж багийн бүрэлдэхүүнүүд нь өөрчлөгдөж байдаг шүү дээ. Багт асуудал гарах болгонд хүнээ солих нь зөв үү? Эсвэл нэг бүрэлдэхүүнээрээ удаан тогтвортой байх нь зөв үү? Энэ талаар юу гэж бодож байна?
 
Тайвнаа: Ер нь бол Монгол багууд тогтворгүй байгаа нь нөгөө л хувь хүний зан араншингаас болж байгаа асуудал л даа. Энийг алийг нь зөв алийг нь буруу гэхийг хэлж мэдэхгүй байна. Хамгийн гол нь өөрсдийнхөө зан аашийг засах юм болов уу даа. Буруугаа хүлээх чадвар гэх мэт. Хүн болгон төгс биш. Би ч маш их алддаг гэхдээ би нэг алдаагаа хоёроос дээш гаргах дургүй. Иймэрхүү л системээр явбал багууд тарахгүй байх. Бусдаар бол энэ нь зөв, буруу гэх юм байхгүй байхаа.
 
Тэмцээнүүд дээр нүдэнд чинь өртсөн, ирээдүйтэй харагдаж байгаа залуу тоглогч байна уу?
 
Тайвнаа: Ер нь бол тэмцээнүүдэд нээх оролцохгүй байгаа болохоор сайн хэлж мэдэхгүй байна.
 
DOTA2-с гадна сонирхдог хичээллэдэг спорт, тоглодог тоглоом, хобби бий юу?
 
Тайвнаа: Хичээллэдэг спорт одоохондоо алгаа. Удахгүй уулын спортоор хичээллэх гэж байгаа. Уулын спорт их сонирхолтой байдаг юм. Хобби гэвэл зохиол бичих, янз бүрийн өгүүллэг зохиох, дугуйтай аялах дуртай. Тоглодог тоглоом гэвэл CS:GO тоглох дуртай. Тоглохыг хүсдэг тоглоом их байгаа. Battlefield 1, Overwatch, Starcraft 3 гэх мэт… Даан ч одоо байгаа 24 цаг хүрэлцэхгүй байгаа.
 
ROG Masters Asia тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон шүү дээ. Олон улсын тэмцээнд оролцсон сэтгэгдэл ямар байсан бэ?
 
Тайвнаа: Ер нь бол Электрон спорт маш их хөгжсөн гэдгийг олж харсан. Анхны LAN тэмцээн байсан болохоор их гоё байсан. Ер нь боломж их ойрхон байгааг олж харсан. Том туршлага мөн сэтгэл зүйн давуу тал өгсөн.
TobiWan-ы хамт
Тайлбарлагч TobiWan-ы хамт
Анхны аваргаа хэзээ авч байв? Хамгийн сэтгэлд үлдсэн аварга ямар тэмцээн байсан бэ?
 
Тайвнаа: Аварга гэхээсээ илүү 2015 оны Mountain Dew тэмцээний хагас шигшээн тоглолт сэтгэлд үлдсэн нь юм уу даа. Тухайн үед хэн ч Mongolz багийг хожоогүй байхад BO3 тоглож хожиж байсан тэр мөч л байх… Анхны аварга ч тэр тэмцээн байсан.
 
Ойрд оролцох гэж байгаа тэмцээн уралдаан юу байна?
 
Тайвнаа: Ойрд тэмцээнд оролцох бодолгүй байгаа. Эхлээд багийн асуудлаа шийдэх бодолтой байгаа.
 
Тэмцээнд хожигдож байхдаа багийн ахлагчийн хувьд багаа хэрхэн Tilt-нээс гаргаж сэргээдэг вэ?
 
Тайвнаа: Зүгээр л болж байгаа зүйлсийг байгаагаар нь л хүлээж авдаг даа. Ер нь зөнд нь орхидог. Дараа нь юу болсныг боддог. Тухайн үедээ огт гаргалгаа олж хардаггүй гэхдээ хожигдсон тоглолт болгонд бид нар өөрсдөө буруутай, үнэхээр дутуу сэтгэсэн байснаа л мэддэг.
 
Цаашдын төлөвлөгөө, зорилго юу байна? Ер нь хэдэн нас хүртлээ тоглоно гэж бодож байна вэ?
 
Тайвнаа: Дахиад LAN тэмцээнд очиж амжилт үзүүлэхийг л зорьж байна даа. 25, 26 нас хүртлээ тоглох байх.
 
Team Taivnaa багийн facebook хуудсан дээрээс Time to retire гэсэн post харж байсан л даа. Бүр шантраад тоглохоо болъё гэх ч юм уу бууж өгөх үе байсан уу? 
 
Тайвнаа: Ер нь бол тоглохоо болъё гэж бодсон үеүд байгаа. Тэр болгонд нэг тийм намайг хурцалсан, өдөөлт өгөхөөр зүйлс тохиолддог байсан гэх үү дээ. 
 
Энэ спортоор хичээллэж эхлэж байгаа болон хичээллэж буй залуучууддаа хандаж юу гэж хэлэх вэ?
 
Тайвнаа: Байгаа бүх боломжоо зориулаад хичээгээд үз бас өөрийнхөө nakama-г (чамтай хамт эцсээ үзэх хүн) олоод хамтдаа урагшил. Шантрах үе бий, хэнийг ч хэзээ ч хожихгүй юм шиг санагдах үе ч бий, чиний дээр илүү хар мянган хүн байгаа мэт санагдах үе ч бий. Тэр болгоныг даваад гарах юм бол амжилтууд өөрөө чамайг дагаад ирэх болно. Бас алдааг эхлээд өөрөөсөө дараа нь бусдаас хайгаарай. Ер нь л алдаагаа маш хурдан олох хэрэгтэй. Бусад хүмүүс чамд оргүй юм хэлэхгүй гэхдээ хэт их бусдын үгэнд автаж болохгүй. Улсын аварга авахын өмнөх өдөр л чи хэзээ ч Mongolz-ыг хожихгүй гэдэг үгийг нэлээн хэдэн хүнээс сонсож байсан даа. Бас LAN тэмцээнд оролцож чадахгүй гэх мэт ер нь алхам бүрт чинь л чамд тиймэрхүү зүйлс тохиолдоно. Гэхдээ тэднээс илүү чамтай хамт урагшлах хүмүүс байхад тэгээд урам ордог юм даа. Би улсын аварга болох үедээ 4800 MMR-тай, багийнхаа хамгийн муу нь байсан. Эцэст нь бүгдэнд нь боломж бололцоо байгаа шүү л гэж хэлье даа.  
 
Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!
 
Тайвнаа: За танай хамт олонд амжилт хүсье.

 

3 COMMENTS

  1. Дөнгөж 22 настай гэхэд мундаг залуу байна. Өөрийнхөө насанд баймгүй амжилт шүү.
    Энэ эрчээрээ урагшаа!!! Тоглохоо болих гэсэн бодлоо нэг мөсөн толгойноосоо авч хая! Хүн ер нь аливаа юманд 2доод ирэхлээрээ л худлаа болж эхэлдэг. Эхлэсэн бол дуусга. Эцсийг нь хүртэл заавал яв. Чи залуу байна сурах ойлгох зүйл маш их байгаа шүү. Монголын нэрийг дэлхийд гарга, багаа дахиад шинээр бүрдүүл болохгүй байгаа бол дахин дахин оролд! Удаан байх магадлалтай ч чи яг одооноос эхлээд 4-н жилийн дараа эргээд харахад бүх зүйл чиний бодож байгаагаас заавал өөр байх болно. Амжилт залуу минь чи чадна !!!

LEAVE A REPLY